Крипто:
102
Бирж:
5
Дотоодын зах зээлийн үнэлгээ:
₮203,655,309,462.40
Дотоод 24ц хэмжээ:
₮33,094,587.24
MNT
АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампын шинээр гаргасан койн болох $TRUMP-ын зах зээлийн нийт үнэлгээ даваа гарагт 11 тэрбум ам.долларын босгыг давлаа. Энэ хурдаараа тун удахгүй 12 тэрбум ам.долларт хүрнэ гэж салбарын шинжээчид таамаглаж байна. Үүнээс гадна 24 цагийн арилжааны эргэлт нь 52.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Доналд Трамп маргааш буюу Улаанбаатар хотын цагаар шөнийн 1 цагт ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, Цагаан ордонд эргэн ирэх юм. Үүнтэй холбогдуулан түүний гаргасан $TRUMP койн болон бусад томоохон криптовалютуудын ханш ерөнхийдөө эрэлт сайтай, ханш нь өссөн байдалтай байна. $TRUMP койныг Доналд Трамп өнгөрсөн баасан гарагт танилцуулсан нь олон нийтийг чамгүй ихээр цочирдуулсан үйл явдал болж өнгөрсөн юм. АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллах гэж байгаа хүн өөрийн нэрээр койн гаргах нь уг салбарыг цаашид дэмжиж ажиллана гэдгийг нь илэрхийлсэн хэрэг боллоо гэж салбарын мэргэжилтнүүд дүгнэж байна.
$TRUMP мемекойн худалдаанд гарахтай зэрэгцэн Дональд Трамп "Бид Ялалтаа тэмдэглэх цаг нь болжээ. Миний маш онцгой Трампын нийгэмлэгт нэгдээрэй" гэж олон нийтийн X сүлжээнд бичсэн байна.
$TRUMP койн гарсанаас хойш 3 хүрэхгүй хоногийн дотор буюу өнөөдрийн 16 цаг 20 минутын үед ханш нь 58.56 ам.долларт хүрч, зах зээлийн үнэлгээ нь 11.7 тэрбум ам.доллар болсон гэж CoinMarketCap мэдээлсэн юм. Ингэснээр уг койн зах зээлийн үнэлгээгээрээ криптовалютын зах зээлд 18 дугаарт бичигдэж байна. Одоогийн байдлаар нийт $TRUMP койны 80%-ийг Доналд Трампын удирддаг “The Trump Organization” корпорацийн “CIC Digital LLC” болон “Fight Fight Fight LLC” компаниуд эзэмшиж байна.
Доналд Трампаас гадна түүний эхнэр Мелани Трамп өнгөрсөн ням гарагт өөрийн нэрээр буюу $MELANIA гэх койныг гаргасан байлаа. Уг койны ханш мөн адил хурдтай өсөж байна. Өнөөдрийн 16 цаг 20 минутын байдлаар хэдийн ханш нь 12 ам.доллаын босгыг давж, зах зээлийн үнэлгээ нь 2 тэрбум ам.долларт дөхсөн байна.
Салбарын шинжээчид “Доналд Трамп крипто ертөнцөд шинэ эрин эхлүүлж байна” гэж дүгнэж байна. Тэрээр 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр криптовалютын салбар дахь төрийн зохицуулалтыг багасгаж, уг салбарт дэмжлэг үзүүлнэ гэдгээ амалж байсан. Доналд Трампын ачаар криптовалютын зах зээлд эрс өөрчлөлтүүд гарч, эрэлт тун сайн байгаа. Тухайлбал, дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш өнгөрсөн 11-р сард Доналд Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд ялсанаас хойш хурдтай нэмэгдэж, хэд хэдэн удаа түүхэн дээд амжилтуудаа тогтоолоо. Өнөөдөр 15 цаг 15 минутын үед биткойны ханш 109 мянган ам.долларыг давж, түүхэн дээд хэмжээгээ дахин нэг удаа шинэчлэн тогтоосон байна. 18 цаг 25 минутын үед 108 мянган ам.доллар орчимд хэлбэлзэж байна.
Нийтэлсэн: Э.Энхбулган